Creation Science Information & Links!
Дуулал 1, 51, 100 & 150
Psalms 1 • 51 • 100 • 150 - in Mongolian (ᠮᠣᠨᠭᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ; Mongɣol kele)
Дуулал 1

1 Хорон муу хүний зөвлөгөөг дагадаггүй, Нүгэлтнүүдийн зам дээр ч зогсдоггүй, Басамжлагчдын суудалд ч суудаггүй хүн ерөөлтэй еэ! 2 Харин тэрээр ЭЗЭНий хуульд баярлаж, Түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг. 3 Тэрээр урсгал усны дэргэд тарьсан мод адил билээ. Тэр мод цагтаа үр жимсээ ургуулдаг бөгөөд Навчис нь ч хатдаггүй. Тэр хүний үйлс бүхэн нь өлзийтэй. 4 Хорон муу хүмүүс бол тийм биш, Харин тэд салхинд хийсдэг тарианы хальс мэт. 5 Тийм учраас хорон муу хүн шийтгэлд, Нүгэлтнүүд ч зөв шударга хүний цуглаанд зогсож чадахгүй. 6 Зөв шударга хүний замыг ЭЗЭН мэддэг, Харин хорон муу хүний зам сөнөх болно.
 

Дуулал 51

1 Бурхан, Өөрийн хайр энэрлийнхээ дагуу намайг нигүүлсээч. Өөрийн аугаа өршөөлийн дагуу миний алдаа зөрчлийг арилгаач. 2 Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, Нүглээс минь намайг цэвэрлээч. 3 Учир нь би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд Миний нүгэл үргэлж миний өмнө байдаг. 4 Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ. Тиймээс Та айлдахдаа зөвтсөн бөгөөд Шүүх үедээ гэм зэмгүй болой. 5 Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн. 6 Харагтун, сэтгэлийн гүнд үнэн байхыг Та хүсдэг бөгөөд Миний дотор Та надад мэргэн ухааныг мэдүүлнэ. 7 Намайг хиссопоор цэвэршүүлээч, Тэгвэл би цэвэр болно. Намайг угаагаач, Тэгвэл би цаснаас цагаан болно. 8 Надад баяр хөөр, баясгалангийн дууг сонсгооч. Өөрийн яйруулсан ясыг Та баясгаач. 9 Миний нүглээс нүүрээ буруулж, Миний бүх гэм бурууг арилгаач. 10 Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, Миний дотор зөв сүнсийг шинэчлээч. 11 Өөрийн оршихуйгаас намайг бүү холдуулаач. Өөрийн Ариун Сүнсийг надаас бүү аваач. 12 Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, Хүслэнт сүнсээр намайг тэтгээч. 13 Тэгвэл би нүгэлтнүүдэд Таны замуудыг заах бөгөөд Нүгэлтнүүд Тан уруу буцаж эргэх болно. 14 Бурхан, миний авралын Бурхан, Намайг цусны буруугаас авраач. Тэгвэл хэл минь Таны зөв шударгыг баясгалантайгаар дуулна. 15 ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд Миний уруулыг нээгээч. 16 Учир нь Та тахилд баярладаггүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан. Та шатаалт тахилыг таалдаггүй. 17 Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй. 18 Өөрийн тааллаар Сионд сайныг үйлдээч. Иерусалимын хэрмийг барьж босгооч. 19 Тэгээд Та зөв шударга тахилууд, Шатаалт тахил болон бүтэн шатаалт тахилд баярлана. Тэгээд Таны тахилын ширээн дээр залуу бухнууд тахигдана.
 

Дуулал 100

1 Бүх газар дэлхий, ЭЗЭНд баясалтайгаар хашхирагтун. 2 ЭЗЭНд баяртайгаар үйлчил. Түүний өмнө баясалтайгаар дуулан ирэгтүн. 3 ЭЗЭН Өөрөө бол Бурхан гэдгийг мэдтүгэй. Биднийг бүтээсэн нь Тэр бөгөөд бид өөрсдөө бус юм. Бид Түүний ард түмэн, Түүний бэлчээрийн хонин сүрэг. 4 Түүний дааман хаалгаар талархалтайгаар, Түүний хашаанд магтаалтайгаар ор. Түүнд талархал өргөж, Түүний нэрийг магт. 5 Учир нь ЭЗЭН бол сайн. Түүний хайр энэрэл мөнхийнх бөгөөд Түүний итгэлтэй байдал бүх үеийнхэнд юм.
 

Дуулал 150

1 ЭЗЭНийг магтагтун!  Бурханыг Өөрийнх нь ариун газарт магтагтун! Түүнийг Өөрийнх нь хүчирхэг огторгуйд магтагтун! 2 Түүнийг хүчит үйлсийнх нь төлөө магтагтун! Түүнийг эрхэм агуу байдлынх нь дагуу магтагтун! 3 Түүнийг бүрээн дуугаар магтагтун! Түүнийг босоо ятга ба ятгаар магтагтун! 4 Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун! Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун! 5 Түүнийг чанга цан хөгжмөөр магтагтун! Түүнийг хүнгэнэх цан хөгжмөөр магтагтун! 6 Амьсгалтай бүхэн ЭЗЭНийг магтагтун!  ЭЗЭНийг магтагтун!
 


Psalms 1 • 51 • 100 • 150 · (ᠮᠣᠨᠭᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ, Mongɣol kele, Монгол хэл)
http://www.creationism.org/mongolian/saPs1_51_100_mn.htm

Нүүр:  Mongɣol kele
www.creationism.org